logo mobile

Зүрх судасны өвчний үеийн хооллолт

2025 оны 10 сарын 8 өдөр
Зүрх судасны өвчний үеийн хооллолт

ҮРХ СУДАСНЫ ӨВЧНИЙ ҮЕИЙН ХООЛЛОЛТ

2023 оны байдлаар Монгол улсад Зүрх судасны өвчин (ЗСӨ)-ны тархалт 10 000 хүн амд 1377 хүн байсан бөгөөд нийт ЗСӨ-ны 45%-ийг Артерийн даралт ихсэх өвчин, 19.3%-ийг Зүрхний ишеми өвчин тус тус эзэлж байна. Насны хувьд нийт ЗСӨ-тэй хүмүүсийн 50-с илүү хувийг 50-69 насны хүмүүс эзэлж байна. Мөн сүүлийн жилүүдэд хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд зүрх судасны өвчин харьцангуй их тохиолдож байна(1).

ЗСӨ үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс нь хүмүүсийн амьдралын хэв маяг болон дадал зуршлаас шууд хамааралтай байдаг(2).

Харин бид эрүүл хооллож, хорт зуршлаа хаяж, тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр Зүрх судасны өвчин, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой юм. Тиймээс дараах хооллолтын зөвлөмжүүдийг хүргэж байна.

..........1...Давсны хэрэглээг бууруулах

Давс нь ЗСӨ үүсэх, хүндрэх шалтгаануудыг нэг бөгөөд ДЭМБ-ын судалгаагаар давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас жилд дунджаар 1.9 сая хүн, хоол хүнснээс шалтгаалсан 6 нас баралт тутмын 1-ийг тус тус эзэлж байна(3). Монгол улсад хүн амын дундаж давсны хэрэглээ хоногт 10.5г байдаг(4) бол ДЭМБ-аас давсны хэрэглээг хоногт 5г-аас ихгүй байхыг зөвлөдөг(3). 5г нь 1 цайны халбага гэсэн үг юм.

Давсны хэрэглээг бууруулахын тулд:

......●...Шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

......●...Хоолны ширээн дээр давс байлгахгүй байх

......●...Боловсруулсан бүтээгдэхүүн болох хиам, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах

......●...Цуу, амтлагчны хэрэглээг бууруулах

......●...Давстай цай уухгүй байх

......●...Давс багатай хоол идэх

......●...Давсыг орлуулах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүнсэнд хэрэглэх: Үүнд:

Цагаан гаа, лемон, сонгино, сармис, чинжүү, яншуй, халиар, хүмүүл, хар перец

.....................Худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ шошгон дээрх давсны агууламжийг харж байгаарай

..........2...Ханасан болон транс тосны хэмжээг бууруулах

Өөх тосны нэгж болох бага нягтралтай липротейн холестрин нь судасны хананд гэмтэл үүсгэн, архаг үрэвсэл бий болгож, атеросклероз буюу судасны хатуурал үүсэх нэг шалтгаан болдог байна. Атеросклероз үүссэнээр судас нарийсаж, гэмтснээр цаашид судасны шалтгаант олон хүндрэл үүсэхэд нөлөөлдөг(5). Тиймээс хоногийн хоолонд хэрэглэх амьтны өөх тос болон транс тосны хүчил агуулсан шарсан хуурсан, бэлэн боловсруулсан хүнсийг багасгаж, ханаагүй тосны хүчил(Омега-3, 6)-ээр баялаг хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Үүнд:

......●...Оливын тос

......●...Хушга

......●...Улаан шош

......●...Загас

......●...Гүнжидийн үр

..........3...Илчлэг ихтэй, энгийн нүүрс усны хэмжээг бууруулах

Илчлэг ихтэй, энгийн нүүрс ус буюу чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг бууруулснаар:

......●...Зүрх судасны өвчний хүндрэлээс сэргийлэх

......●...Биеийн жин бууруулах давуу талуудтай байдаг.

Тиймээс хоол хүнсэндээ доорх илчлэг багатай нүүрс ус, эслэгээр баялаг жимс, хүнсний ногоог хэрэглэхийг зөвлөж байна(6).

......●...Алим(хальстай), лийр, банана, бөөрөлзгөнө, хар чавга, жүрж

......●...Хулуу, цэцэгт байцай(брокколи), чихэрлэг төмс, лууван, бууцай, байцай, төмс(хальстай), сонгино

......●...Бүхэл үр, шош, вандуй, хальстай хар будаа

Эх сурвалж:

......1...Монгол Улсын Эрүүл Мэндийн Үзүүлэлт - 2023

......2...https://www.nhs.uk/conditions/cardiovascular-disease/

......3...https://www.who.int/news-room/fact-sheets/detail/sodium-reduction

......4...”Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлчийн тархалтын үндэсний IV” судалгаа 2019

......5...https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK507799/

......6...https://www.health.harvard.edu/nutrition/foods-high-in-fiber-boost-your-health-with-fiber-rich-foods

Зөвлөмж боловсруулсан:

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн

Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны ЭША Г.Эрдэнэ-Очир

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC