

Улаанбурхан өвчин нь дэлхий дээрх хамгийн халдвартай өвчнүүдийн нэг юм. 1963 онд улаанбурхан өвчний вакцин нэвтрэхээс өмнө, өргөн хүрээтэй дархлаажуулалт хийгдээгүй байх үед 2–3 жил тутамд томоохон дэгдэлт гарч, жил бүр ойролцоогоор 2.6 сая хүн нас бардаг байсан.
Вакцинжуулалтын үр дүнд улаанбурхан өвчнөөс нас баралт 2000 онд 780 000 тохиолдол байсан бол 2024 онд 95 000 тохиолдол болж буурсан буюу ойролцоогоор 87.8%-иар буурсан үзүүлэлттэй байна.
Улаанбурхан өвчний шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 10–14 хоногийн дараа илэрдэг. Хамгийн тод илрэх шинж нь тууралт юм.
Эхний шинж тэмдгүүд ихэвчлэн 4–7 хоног үргэлжилдэг бөгөөд дараах шинжүүд илэрнэ:
Нус гоожих
Ханиалгах
Нүд улайж, нулимс гоожих
Хацрын дотор талд жижиг цагаан толбо үүсэх
Тууралт нь халдвар авснаас хойш 7–18 хоногийн дараа ихэвчлэн нүүр, хүзүүний дээд хэсгээс эхэлж, 3 хоногийн дотор гар, хөл хүртэл тархана. Тууралт нь 5–6 хоног үргэлжилсний дараа аажмаар арилна.
Улаанбурхан өвчний шалтгаалсан нас баралтын ихэнх нь өвчний хүндрэлүүдтэй холбоотой байдаг.
Улаанбурхан өвчний хүндрэлд дараах өвчнүүд орно:
Хараа алдах
Тархины үрэвсэл (энцефалит)
Хүнд хэлбэрийн суулгалт, шингэн алдалт
Чихний үрэвсэл, идээ гоожих, өвдөх
Уушгины хатгалгаа
Жирэмсэн эмэгтэй улаанбурхан өвчнөөр өвдвөл эхэд аюултайгаас гадна дутуу төрөлт, бага жинтэй хүүхэд төрөх эрсдэлтэй.
Улаанбурхан өвчний хүндрэл нь 5-аас доош насны хүүхэд, 30-аас дээш насны насанд хүрэгчдэд илүү түгээмэл тохиолддог. Ялангуяа А аминдэм, тэжээлийн дуталтай хүүхдүүд эсвэл ХДХВ болон бусад өвчний улмаас дархлаа султай хүмүүс илүү хүндэрдэг.
Мөн улаанбурхан өвчин нь дархлааны системийг сулруулж, бусад халдварт өвчинд өртөмтгий болгодог.
Улаанбурхан өвчний товлолт дархлаажуулалтанд хамрагдаагүй хүмүүс улаанбурхан өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Вакцин хийлгээгүй бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй.
Халдвартай хүн ханиах, найтаахад агаар дуслаар дамжин халдварлана.
Улаанбурхан өвчний вирус нь агаарт болон бохирдсон гадаргуу дээр 2 цаг хүртэл идэвхтэй, халдвартай хэвээр байдаг. Улаанбурхан өвчнөөр өвчилсөн нэг хүн 18 хүртэлх хүнд халдвар тараах боломжтой.
Улаанбурхан өвчний тууралт гарахаас 4 хоногийн өмнө халдвар тарааж эхлэн, тууралт гарснаас хойш 4 хоногийн дараа хүртэл дамжина.
Улаанбурхан өвчний эсрэг тусгайлсан эмчилгээ байхгүй. Асаргаа сувилгаа нь шинж тэмдгийг намдаах, хүндрэлээс сэргийлэхэд чиглэнэ.
Өдөрт нас, биеийн жингээс хамааран хангалттай ус ууж (ойролцоогоор 1.5–2 литр), шингэн алдалтаас сэргийлэх;
Эрүүл, шим тэжээлтэй А аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх;
Уушгины хатгалгаа, чих, нүдний халдварыг антибиотикоор эмчлэх (эмчийн жороор)
Олон нийтийг хамарсан дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Бүх хүүхдийг улаанбурханы эсрэг дархлаажуулалтанд хамруулах шаардлагатай. Вакцин нь аюулгүй, үр дүнтэй, хямд бөгөөд хүүхдэд дархлаа бүрэн тогтоохын тулд товлолын болон нэмэлт дархлаажуулалт хийдэг.

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 8 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр

2025 оны 10 сарын 7 өдөр
