mn
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн таниулах сургалт боллоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны 12-р сарын 22-нд батлагдаж, 2017 оны есдүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн билээ. Уг хуулийн талаарх таниулах сургалтыг өнөөдөр Дотоодын цэргийн 805-р ангийн Цагдаагийн хэсгийн дарга, хошууч Б.Эрдэнэбаяр, Хэв журмын цагдаа, ахлагч Э.Мөнх-Эрдэнэ нар НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтнуудад хичээл заалаа.Сургалтаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн онцлох таван заалтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Тодруулбал:

1. гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болох гэж байгаа нь уг хуулийн хамгийн гол өөрчлөлт аж.  Эхнэрээ нэг цохиод авсан ч хохирогч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн л бол энэ шууд эрүүгийн хэрэг болох юм.

Энэ төрлийн гэмт хэргийг таслах зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Хууль сахиулах тухай хуульд тусгай зүйл заалт оруулж өгсөн байна. Энэхүү шинэчлэлтээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д Хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй хэмээн заажээ.

2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдэгдсэн дуудлагыг цагдаа байгууллага авсан даруйдаа хамгийн түрүүнд очно гэсэн шинэ заалт оруулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй ямар нэгэн аргаар хууль сахиулах байгууллагад мэдэгддэг ч зарим тохиолдолд цагдаа нар дуудлага авсан даруйдаа ирдэггүй байсныг ийнхүү хуулиар зохицуулжээ.

3. Гэр бүлийн хүчирхийлэгчийн зорчих эрхийг хязгаарладаг болсон. Эрүүгийн болон Хууль сахиулах тухай хуульд зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохицуулах вэ гэдгийг заасан байна. Заасан хязгаараас давсан тохиолдолд буюу хүчирхийлэгч, хохирогч хоёр ойртсон үед дохио өгдөг бугуйвч зэргийг зүүлгэхээр заасан байна. Ингэсэн тохиолдолд цагдаа ирж арга хэмжээ авах аж.

4. Хүүхэд хууль ёсны төлөөлөгчийнхөө хүчирхийлэлд өртсөн бол цагдаа тэдгээр хууль ёсны төлөөлөгчийн саналыг харгалзалгүйгээр хүүхдийг хамгаална гэсэн заалт шинээр оруулсан байна. Хүүхдийг хууль ёсны төлөөлөгч гэж эцэг эх, ах эгч нар, хүүхэд асрах төвийнхөн, халамжийн төвийнхөн, үрчилж авсан хүмүүсийг хэлнэ.

5. Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлээгүй иргэнд Зөрчлийн хуульд заасны дагуу хариуцлага тооцохоор болсон байна.


Top