mn
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

Орчны эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийг “Даян Дэлхийн хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамж” уриан дор 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Орчны эрүүл мэндийн холбооноос шийдвэрлэжээ. Энэхүү уриа нь хүн амыг аюулгүй хоол хүнсээр хангах, ус, хүнсний нөөцийг зүй зохистой ашиглах, хүнсний тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдсэн юм.  

1996 онд хуралдсан Дэлхийн хүнсний асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар “Хүнсний аюулгүй байдал” нь хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ гэж тэмдэглэжээ.

            Хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах гэх мэтийн хүнсний сүлжээний бүх шат дамжлагуудад эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах үндэс суурь гэж үздэг.

Монгол Улсад ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус хуванцар савыг олдоц сайтай, үнэ хямдтай гэсэн үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжүүд өргөнөөр ашиглаж байна.

Ус хадгалдаг хуванцар савнуудын (тосны канистер, том цэнхэр сав) хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS  9000:2005 үндэсний стандартад заасан хэмжээ (0.01 мг/л)-нээс  тосны канистерт 500-800, цэнхэр том саванд 60-72 дахин их, хуванцар саванд хонуулсан сүүнд хүнд металл кадьмийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4.4 дахин их байгаа нь Монгол улсын хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулж байна.

Иймээсхэрэглэгч нарт хуванцар савны тэмдэг тэмдэглэгээг таних, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, хоол хүнсний аюулгүй байдал, хуванцар савны зөв хэрэглээнд олны анхаарлыг  хандуулах, сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.


Top