mn
"Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт сургалтыг зохион байгуулав

Өнөөдөр "Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Монгол дахь Австралийн элчин сайдын яам, Хавдрын үндэсний зөвлөл хамтран зохион байгууллаа. 

Сургалтыг нээж НЭМҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Нарантуяа, Австралиас Монгол улсад суугаа элчин сайд Жон Лангтри нар үг хэлсэн юм. Д.Нарантуяа доктор хэлэхдээ, Эрүүл мэндийн сайдын 2018 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зарим арга хэмжээний тухай А/82 тушаалаар умайн хүзүүний хорт хавдартай тэмцэхэд хүн ам, нийгэм хамт олны идэвхийг сайжруулах, ухаалга, нөлөөлөл, харилцаа, холбооны ажлын хэсгийг НЭМҮТ улсын хэмжээнд манлайлан ажиллахаар заасан. Энэ хүрээнд бид өнөөдөр сургалтыг та бүхэндээ зохион байгуулж байна" хэмээв. 

Сургалтаар "Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл, хяналт", Умайн хүзүүний хавдрын өнөөгийн байдал, Австрали улсын умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн туршлага, Монгол улсад хийгдсэн "Залуу эмэгтэйчүүдийн дундах хүний хөхөнцөр вирүсийн тархалтыг үнэлэх" судалгааны үр дүнгээс тус тус танилцууллаа. 

Энэхүү сургалтад 100 гаруй эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд цахимаар бүртгүүлэн хамрагдсан юм. 

Top