mn
“Спорт ба эрүүл монгол үндэстэн” хэлэлцүүлэгт илтгэл тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа болон биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, тамирчин, дасгалжуулагч, иргэдийн төлөөлөгчид оролцов.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж:
Миний мөрийн хөтөлбөрт:
•    Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална…. хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллах.
•    Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах талаар тодорхой заалтууд оруулсан байгаа гэв. 
Мөн тэрээр цааш хэлэхдээ, Спортын ач холбогдол, нийтийн биеийн тамир чухал учраас хөхүүлэн дэмжинэ. Ингэж байж “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг өвгөдийн сургаалийг биелүүлж, эрүүл чийрэг байж Монгол үндэстэн оршино тогтноно” гээд “Спорт ба эрүүл Монгол үндэстэн” сэдэв хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид өмнөх Ерөнхийлөгч нарын гаргаж байсан спорттой холбоотой зарлигийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, биеийн тамир, спортын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцсан юм. Мөн спортын чиглэлээр ажиллаж байгаа биеийн тамирын төрийн байгууллага, нийгэмд үйлчлэх олон төрийн бус байгууллагын төлөөллүүд, их дээд сургуулийн багш, оюутан, судлаачид, тамирчин, дасгалжуулагч, иргэдийн төлөөллүүд дээрх зарлигийн хэрэгжилтэд дүгнэлт хийн 10 илтгэл, мэдээллийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Нарантуяа "Монгол улсын хүн амын эрүүл мэндийн байдал, өнөөгийн түвшин" сэдвээр илтгэл тавилаа. 


Top