mn
“Нийгмийн эрүүл мэнд судлал” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалт эхэллээ.

Хэвлэлийн мэдээ

 

“Нийгмийн эрүүл мэнд судлал” сэдэвт мэргэжил дээшлүүлэх нэг сарын сургалт өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр нээлтээ хийлээ. Эхний ээлжийн сургалтад Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Говь сүмбэр, Ховд, Увс, Орхон, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Өвөрхангай аймаг, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн нийт 30 нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд хамрагдаж байна. Нээлтийн арга хэмжээнд НЭМҮТ-ийн хэлтэс, албаны дарга нар оролцож  Ерөнхий захирал Б.Цогтбаатар сургалтын арга хэмжээг нээж, сургалтын үйл ажиллагаанд  амжилт хүслээ.

2018 онд бүх эрүүл мэндийн байгууллагаас нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын сургалтын хэрэгцээ, шаардлагын судалгааг хийж, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, тасралтгүй сургалтад хамруулах зайлшгүй шаардлага өндөр байгааг тодорхойлсон. Иймд тус төвөөс анхан болон хоёр дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагын нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхижуулах нэг сарын сургалтыг зохион байгуулж эхлээд байна.   

Батлагдсан  хөтөлбөр, хуваарийн дагуу  нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжих, халдварт болон халдварт бус өвчний хяналт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх сэдвээр хичээл орж, сургалтад оролцогчдын  мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

Сургалтыг зохион байгуулахад манай байгууллагатай  хамтран ажилласан Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөл, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт талархал илэрхийлье.

Top