mn
Сингапур улс хүнийхээ эрүүл мэндэд маш их анхаардаг

Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтад одоогийн байдлаар  нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтанууд нийлсэн 80 гаруй хүн хамрагдаад байна. 

Өнөөдөр дунд шатны менежерийн сургалтанд хамрагдаад ирсэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж Сингапур улсын нийгмийн эрүүл мэндийн туршлагын талаарх сонирхолтой мэдээллийг эрдэм шинжилгээний ажилтнуудад хуваалцсан юм. 

Сингапур улсын хувьд Нийгмийн эрүүл мэндийг өндөр хөгжүүлж, хүн амынхаа дундаж наслалтыг эрэгтэй 80,4, эмэгтэй 84,9 болгож гайхамшигтай амжилт үзүүлсэн бөгөөд олон улсын сайн туршлагуудыг өөрийн улс орны онцлогт тохируулан хөрсөн дээр буулган ажилладаг аж. Тус улсын эрүүл мэндийн тогтолцоо нь 60 хувийг нь эрүүл мэндийг дэмжих, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, 40 хувийг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ эзэлдэг. Яамны харьяа Эрүүл мэндийг дэмжих хороо 1000 хүнтэй ажиллаж, эрүүл хооллолт, “Эрүүл иргэнээр улсаа бүрдүүлэх” алсын хараа бүхий Өвчнөөс урьдчилан сэргийлэх, ЭМДэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж, “Өвчин эмгэг, хугацаа болоогүй нас баралт, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх замаар Сингапур иргэдийн эрүүл амьдралын чанарыг дээшлүүлж, насыг уртасгахтай холбоотой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг гэв.

Хүүхдийг шүдээ зөв угааж, хамгаалах тал дээр маш их анхаарч, сургуулиудаар тогтмол үзлэг, зөвлөгөө, кампанит ажил өрнүүлдэг. Мөн нийгмийн эрүүл мэндийн чухал асуудлын нэг болох амьдрах орчин, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хангах үүднээс хүн амынх нь 90 хувь нь орон сууцанд амьдардаг байна. 1960 онд Сингапур улсын иргэд халуун хүйтэн усгүй, нийтийн бие засах газартай, тэр нь усгүй шавааралдсан slum хороололд амьдарч байсан. 1960 оны 2 дугаар сард байгуулагдаад 3 жилийн дотор 21 000 орон сууц, 1965 он гэхэд 54 000 орон сууц барьж, өнөөдөр Сингапурын бүх иргэн орон сууцтай болж, 23 дүүрэгт 1 саяаас дээш орон сууц баригджээ. 

Мөн усны хомсдол асуудалтай учир борооны дуслыг ашиглан цэвэр ус гаргах, хоёрдугаарт далайн усыг давсгүйжүүлэн хэрэгцээндээ ашиглаж, Малайз улсаас тусгай хоолойгоор дамжуулан усны хэрэгцээгээ хангадаг байна. 

Тус улсын хувьд хэдийгээр олон асуудлыг шийдэж байгаа ч хүн амын дунд чихрийн шижингийн өвчлөл өндөр ажээ. Мөн хүн амын нас баралтын нэгдүгээр шалтгаанд хавдарын өвчлөл, хатгалгаа, зүрхний ишеми, харвалт, шээс боловсруулах замын өвчлөл, уушгины өвчлөл ордог гэв. 

Сингапур улс нь байгалийн баялаггүй учир хүн хэмээх гол баялгаа эрүүл, өвчин зовлонгүй байлгах тал дээр маш их анхаардаг хэмээн ТЗШУА-ны дарга Р.Даваадорж мэдээллийнхээ төгсгөлд хэлсэн юм. 

Top