mn
Тамхи тансаг хэрэглээ мөн үү?

Тамхи тансаг хэрэглээ мөн үү?

Зүрх, судасны өвчин, хорт хавдар, 
чихрийн шижин зэрэг нас баралтын 
гол шалтгаан болдог өвчнүүд тамхинаас үүдэлтэй.
 
 

Монгол Улсын нийслэл агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Монголчууд халдварт бус өвчний тархалтаараа дэлхийд мөн хоёрдугаарт ордог. Манай улсын хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчний шалтгаан эзэлж байгаа нь ийм таагүй “рекорд”-ыг эзэмшихэд хүргэжээ. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг нь тамхи. Зүрх, судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг нас баралтын гол шалтгаан болдог өвчнүүд тамхинаас үүдэлтэй.

Манай улсын хүн амын 47 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хагас нь дам тамхидалтад өртөж байгаа нь халдварт бус өвчин аюулын харанга дэлдэхэд хүргэжээ.

Дэлхий нийтэд ч тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд өсчээ. 1980 онд дэлхий дээр тамхи татдаг хүн 721 сая байсан бол 30 жилийн дотор энэ тоо тасралтгүй өссөөр өнөөдрийн байдлаар 1 тэрбум даваад байгаа юм. Түүнчлэн жил бүр 7.2 сая хүн халдварт бус өвчний улмаас нас бардаг байна. Амьдралын  хэв маяг, буруу дадал, зуршил, зан үйлээс үүдэлтэй энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт бус өвчнийг бууруулахын тулд шийдвэртэй алхмууд хийхийг улс орнуудад зөвлөдөг байна.

Тухайлбал, өвчинтэй нь бус шалтаг шалтгаантай нь тэмцэх нь хамгийн үр дүнтэй. Өөрөөр хэлбэл жилд 7 сая хүний амь насыг авч одож буй тамхидалттай тэмцэнэ гэсэн үг. Юуны өмнө тамхины хэрэглээг бууруулах, тархалтыг нь хянах хамгийн үр дүнтэй арга бол түүний эрэлт, хэрэглээг бууруулах төрийн бодлого гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг.

 
 
 

Үнийн мэдрэмжтэй эрэлт

Улс орнууд энэ зөвлөмжийн дагуу тамхины зар сурталчилгааг хориглох, хэрэглээг нь хязгаарлах чиглэлээр олон арга хэмжээ авдаг байна. Тэдгээрээс хамгийн үр дүнтэй нь төрийн татварын бодлого. Учир нь тамхи бол эрэлт, хэрэглээ нь үнийн мэдрэмж өндөртэй бүтээгдэхүүн.   

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад янжуур тамхины үнийн өсөлт нь уг бүтээгдэхүүний эрэлтийг бууруулахад шууд нөлөөлдөг тул татварыг нэмэх нь маш үр дүнтэй байдаг ажээ.

Энэ талаар судалгаа ч байна. Янжуур тамхины үнэ 10 хувиар өсөхөд тамхины хэрэглээ хөгжингүй орнуудад 4 хувиар, бага орлоготой, хөгжиж буй орнуудад 5 хувиар буурч байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд тамхины эрэлтийн мэдрэмжийг 0.4-0.6 хувь гэж  тооцсон байна. Манай улсын хувьд ч ийм судалгаа хийж байжээ. 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Гаалийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтран тамхины үнийн эрэлтийн мэдрэмжид судалгаа хийжээ. Тэд тамхины үнэ, татварыг нэмснээр эрэлтийг багасгаж чадна гэсэн дүгнэлтэд хүрч. Ингэснээр дунд хугацаанд багаар бодоход 3000-4000 хүний амь насыг аврах боломж бүрдэх аж.

Энэ нь тамхичид үнийн өөрчлөлтөд илүү мэдрэмтгий хүмүүс байдаг гэдгийг харуулж байгаа юм. Ялангуяа хүүхэд болон өсвөр насныхныг үүнд хамааруулан хэлж болно.

Дэлхий нийтэд өсвөр насныхны дундах тамхидалт өсөн нэмэгдсээр байгаа ч тэд санхүүгийн хувьд эмзэг, насанд хүрэгчдээс хараат байдаг тул тамхины үнэ нэмэгдэхэд хэрэглээ нь шууд буурдаг байна.

Үүний жишээ бол Филиппин. Тус улсын эрх баригчид “Тамхины татварын шинэчлэл” гэсэн бодлогыг амжилттай хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд тамхины татварыг өндөрсгөснөөр өсвөр үеийнхний тамхины хэрэглээг бууруулж чадсан байна. Мөн Тайланд улс энэ төрлийн татвараа богино хугацаанд үе шаттайгаар нэмснээр тамхины хэрэглээг бууруулжээ. Австрали ч мөн тамхины онцгой албан татвараар хэрэглээг нь хянаж, удирдаж чадсан улс орнуудын хамгийн сайн жишээгээр нэрлэгддэг.

Тамхины хяналтын суурь конвенцийн 6-р зүйлд үнэ, татварыг нэмэх арга хэмжээ нь тамхины эрэлтийг бууруулах үр дүнтэй арга гэдгийг хүлээн зөвшөөрч, дэлхий нийтийн өмнө тулгамдсан эрүүл мэндийн зорилтуудад хувь нэмрээ оруулахын тулд үнэ, татварын бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газруудад уриалсан байдаг.

Дэлхийн ихэнх улс оронд энэ дагуу тамхи, тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татвар, нэмүү өртгийн албан татвар, борлуулалтын ерөнхий татвар, импортын татвар зэргийг ногдуулдаг. Эдгээрээс тамхины хэрэглээг бууруулахад хамгийн үр дүнтэй нь онцгой албан татвар аж.

 

Татварын зохицуулалттай хэрэглээ

Тамхи хүний эрүүл мэндтэй шууд холбоотой. Тэгвэл онцгой албан татвар тамхины хэрэглээтэй шууд холбоотой.

Тамхины хэрэглээ нь ямагт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тийм учир татварын бодлогоор хэрэглээг нь удирддаг. Үүнд оновчтой, зохистой бодлого хэрэгтэй. Учир нь хэт өндөр татвар ногдуулбал хууль бус наймаа цэцэглэдэг талтай. Гэтэл нөгөө талаар татвар нь бага байх юм бол эрэлт нь хяналтгүйгээр нэмэгдэх эрсдэлтэй. Энэ тэнцвэрийг хангахад онцгой албан татвар чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ бол хэлбэрийн хувьд биет татвар юм. Өөрөөр хэлбэл онцгой албан татвар ногдуулахдаа биет нэгжээр нь тооцдог гэсэн үг.

Манай улсын хувьд янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхины 100 ширхэг тутамд 3480 төгрөг, дүнсэн тамхи болон түүнтэй адилтгах задгай тамхины нэг килограмм тутамд 2610 төгрөгийн онцгой албан татвар ногдуулдаг. Энэ нь тухайн бүтээгдэхүүний нийт үнийн 33 хувь гэсэн үг юм.

Тамхинд ногдуулж буй онцгой албан татварын энэ хувь хэмжээг бусад улс орнуудынхтай харьцуулахад харьцангуй бага байгаа юм. Тухайлбал, тамхины онцгой албан татвар Филиппинд 64 хувь, Тайландад 62 хувь, Бангладешид 61 хувь, Сингапурт 60 хувь байдаг аж. Мөн Малайзид 51 хувь, Мъянмарт 50 хувь, Энэтхэгт 42 хувь, Индонезид 41 хувийн онцгой албан татварыг тамхинд ногдуулдаг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины онцгой албан татварыг 70 хувьд хүргэх нь зохистой хэмжээ гэдгийг зөвлөмж болгодог учир дээр дурдсан улс орнууд уг хувь хэмжээнд хүргэхийн  тулд тамхины онцгой албан татвараа өндөр тогтоосон аж.

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлье гэвэл одоо мөрдөж байгаа тамхины онцгой албан татварын хувь хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Ийм хэрэгцээ, шаардлага ч бий. Тамхины хэрэглээ нэмэгдэж, түүний сөрөг үр дагавар болсон халдварт бус өвчин, түүнээс үүдэлтэй нас баралтаар Монгол Улс дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгааг бичлэгийнхээ эхэнд дурдсан. Энэ бол тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хангалттай шалтгаан билээ.

Ялангуяа өсвөр насныхныг тамхины хор хөнөөлөөс хамгаалахад татварын бодлого чухал юм. 2014 онд хийсэн Дэлхий дахины залуучуудын тамхины хэрэглээний судалгаагаар манай улсын 13-15 насны залуучуудын 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн тооцоо гарчээ. 2013 онд мэргэжлийн байгууллагуудаас хийсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар хүн амын дунд тамхины хэрэглээ буураагүй төдийгүй өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ ихэссэн нь ажиглагджээ. Ийнхүү тамхичдын эгнээ тэлж, нас нь залуужиж байгаа нь тамхины хэрэглээнд тавих хяналт, зохицуулалт сул байгаагийнх. Энэ нь онцгой албан татвар бага байгаатай шууд холбогдоно.     

Тамхины хэрэглээ хэдийгээр хувь хүний сонголт, эдийн засгийн чадавхитай холбоотой ч гэлээ энэ нь тухайн хүний өөрийнх нь болон ойр дотнынхон, орчин тойронд нь байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учир төр зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байдгаараа онцлог. Тэр зохицуулалт нь татварын бодлого. Тиймээс тамхидалтыг нэг талаар татварын зохицуулалттай хэрэглээ ч гэж болох юм.

 

Эмгэнэлтэй рекорд

Онцгой албан татварыг ногдуулахдаа Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн төгрөгийн америк доллартай харьцах албан ёсны ханшийг үндэслэнэ гэсэн заалтыг хүчингүй болгосноор импортлогчдод бизнесийн таатай орчин бүрджээ.
 
 

УИХ Онцгой албан татварын тухай хуульд 2015 оны нэгдүгээр сард өөрчлөлт оруулж онцгой албан татварыг доллараар бус төгрөгөөр тооцох болгосон юм. Уг хуулийн 6.6-д

Онцгой албан татварыг ногдуулахдаа Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн төгрөгийн америк доллартай харьцах албан ёсны ханшийг үндэслэнэ гэсэн заалтыг хүчингүй болгосноор импортлогчдод бизнесийн таатай орчин бүрджээ.

Тухайлбал, тамхи импортлогчдын хувьд валютын ханшийн хэлбэлзэл, үнийн зөрүүд санаа зоволгүйгээр асар их ашиг олох боломжтой болсон юм. Ийнхүү тамхины бизнес ямар нэгэн эрсдэлгүй бөгөөд хамгийн ашигтай наймаа болов.  Үүнийг нөгөө талаар хүн амынхаа эрүүл мэндэд сөрөг нөлөө, хор хөнөөлтэй бүтээгдэхүүний худалдаа, хэрэглээг төр бодлогоор дэмжив гэж хэлж ч болно.

Тиймээс Онцгой албан татварын тухай хуульд гурван жилийн өмнө оруулсан дээрх өөрчлөлтийг эргэн харж, хуучин заалтыг нь сэргээх шаардлага, шалтгаан үндэслэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна.   

Эс тэгвэл Монгол Улс  халдварт бус өвчний тархалт төдийгүй хүн амын дундах цаг бусын эндэгдэл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж эмгэнэлтэй “рекорд” тогтооход ойрхон болжээ. Өөр нэг харамсалтай “рекорд” нь манай хууль тогтоогчид Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхдээ хойрго төдийгүй зөрчих тохиолдол ч цөөнгүй гаргадаг.   

Тамхины хянатын тухай хуулийн 4.1.1-т “тамхины татварыг Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар тамхины хяналт, хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлж, насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, тамхины хэрэглээг бууруулах” гэсэн заалт бий.

Өмнөх парламентын үед нэр бүхий гишүүд уг заалтын “тамхины татварыг Тамхины суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар” гэсэн хэсгийг авч хаяхаар хуулийн төсөл санаачилж байв.

Тамхины татварыг олон улсын конвенцид заасан хэмжээ буюу 70 хувьд хүртэл нэмэхгүй, хоёр дахин бага байлгах хэнд ашигтай нь ойлгомжтой. Монголд тамхины татварын хэмжээ бага, үнэ нь хамгийн хямд хэвээр байх юм бол хүүхэд, залуус энэ хорт зуршилд татагдаж, хөнөөлт хэрэглээнд автсаар байна гэдэг нь ч бас ойлгомжтой.

Харин тамхи татдаг хүн 40 нас хүрээд амьдралын чанар нь муудаж, өөрөөр хэлбэл олон төрлийн өвчин эмгэгтэй болж, эрүүл мэндийн болон эдийн засгийн эрсдэл сүйтгэл амсдаг гэдгийг өнөөдөр тамхи сонирхон татаж, чамирхан хэрэглэж яваа өсвөр залуус хараахан төсөөлөхгүй. Тэдний энэ гэнэн бөгөөд автамтгай хэрэглээг хязгаарлах, хянах ганц боломж нь тамхины татварын бодлого гэдгийг дахин улиглахад илүүдэх юун.   

70 хувийн төлөө 76-г уриалъя

Тамхины онцгой албан татвар болон бусад аливаа төрлийн татварыг нэмснээр хэрэглээг нь хязгаарлах боломж бүрдэнэ. Энэ эхний эерэг үр дүн. Үүний зэрэгцээ эдийн засгийн хувьд үр ашигтай. Үүнийг татвар нэмэгдэхээр төсвийн орлого нэмэгдэнэ гэж энгийнээр ойлгож болно.

Тамхины онцгой албан татварыг 25 хувиар нэмэгдүүлэхэд төсөвт орж ирэх орлого 75 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ мөнгөөр 57 цэцэрлэг, хүүхдийн 9 эмнэлэг барьж болох бөгөөд 312 мянган хүүхдэд бүтэн жилийн турш 20 мянган төгрөг олгох болно.

Гэхдээ дан ганц ашиг орлогоор үүнийг  хэмжих аргагүй. Тамхины онцгой албан татварыг нэмснээр нийгэмд, эдийн засагт, эрүүл мэндийн салбарт гарах эерэг өөрчлөлт, алсын сайн, зөв үр дүн асар их. Хамгийн наад захын жишээ гэвэл архи, тамхины онцгой албан татварын тодорхой хувиас бүрдэж байдаг Эрүүл мэндийг дэмжих сангийн орлого нэмэгдсэнээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр зарцуулах хөрөнгө оруулалт сайжирна.

Дэлхийн олон улс оронд архи, тамхины онцгой албан татварын зарцуулалтыг эрүүл мэндийн салбарынхаа санхүүжилттэй шууд холбодог earmarked хэмээх тогтолцоо бий. Манай улсын хувьд ийм механизм байдаггүйгээс архи, тамхины онцгой албан татвар улсын нэгдсэн төсвийн “том тогоо”-нд орж, өчүүхэн хэсэг нь нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд буцаж хуваарилагддаг.

Тодруулбал, архи, тамхины онцгой албан татвараас жилд 700 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг ч Эрүүл мэндийг дэмжих санд 5-7 тэрбумыг л хуваарилдаг байна. Эрүүл мэндийн салбарын жилийн нийт төсөв 680 тэрбум төгрөг гэхээр архи, тамхины онцгой албан татвараар л бүхэл бүтэн салбарынх нь төсвийг шийдэж болох юм. Учир шалтгааны үүднээс ч архи, тамхи зэрэг хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй бүтээгдэхүүн зарж борлуулан ашиг олж байгаагийнхаа төлөө тухайн бизнес эрхлэгч онцгой албан татвар төлж байгаа тул уг татварыг хүн амаа эрүүлжүүлэхэд зарцуулах нь зохистой юм. Үүнийг цааш гүнзгийрүүлж ярих юм бол бүхэл бүтэн тогтолцоо, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудал сөхөгдөнө.

Өнөөгийн байдлаар Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдаад байгаа. Энэ хүрээнд ОУВС архи, тамхины онцгой албан татварыг төсвийн алдагдлийг нөхөх чиглэлээр зарцуулахыг зөвлөмж болгосон аж. Тэгэхээр тамхины онцгой албан татвар одоохондоо эрүүл мэндийн салбарт өгөөж бага хэвээр байх нь. Гэхдээ хүн амын тамхины хэрэглээнд бол шууд нөлөөлнө. Утаан тахалд хязгаарлалт болж чадна.

Тамхи анх дэлгэрч байхдаа олдоц ховор тул үнэтэй, тансаг хэрэглээ байв. Улмаар  их хэмжээгээр үйлдвэрлэх болсноор хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд нэвтэрчээ. Өнөөдөр тамхины үйлдвэрлэлийг шууд бууруулах боломжгүй. Харин татварын бодлогоор хэрэглээг нь хянаж болно. Өөрөөр хэлбэл татварыг нь нэмж, үнийг нь өсгөснөөр тамхи гэдэг бүтээгдэхүүн дунд сургуулийн хүүхэд ундаа, зайрмагны мөнгөөрөө худалдаж аваад хэрэглэчихээргүй өндөр зэрэглэлийн тансаг хэрэглээ болбол тун сайн.

Хүүхэд, өсвөр насандаа тамхи хэрэглээгүй хүн цаашид энэ хорт зуршилд автах магадлал багасдаг аж. Тиймээс хүн амын дундах тамхины хэрэглээ аажмаар буурна. Тамхины татварыг нэмэх бодлого эхэндээ огцом цочмог мэт санагдаж болох ч урт удаан хугацаанд ингэж асар эерэг үр дүнд хүргэнэ. 

Ийм эерэг өөрчлөлтийн жишээг дурдахад АНУ болон Европын орнуудад тамхидалтаас үүсэх эдийн засгийн өртөг зардал асар өндөр байсан аж. Тиймээс тамхины татварыг нэмж, хэрэглээг нь зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлснээр зорьсон үр дүндээ хүрчээ.

Мөн Армен, Колумби, Лесото, Молдав, Нигери, Украйн зэрэг улс тамхины татварыг нэмж, хяналтыг сайжруулсан нь урт хугацаанд хүн амынх нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн байна.

Түүнчлэн Финлянд улс 2040 он гэхэд тамхигүй улс болох зорилго дэвшүүлээд байгаа ажээ.

Дэлхийн улс орнууд тамхидалтын эсрэг ийм зоримог шийдэмгий алхмууд хийж байгаа нь энэхүү утаат “идээн”-ий үнэ шалдаа бууж, хэрэглээ нь тэнгэрт тулчихаад байгаа монголчууд бидний хувьд атаархмаар шийдэл. Гэхдээ бид оройтоогүй. Урьдчилан сэргийлж болох уршигт өвчинд нэрвэгдэхгүйн төлөө, эрсдэлт хэрэглээндээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавихгүйн тулд, хамгийн гол нь үр  хүүхдэдээ хорт зуршилгүй эрүүл ирээдүйг бэлэглэхийн төлөө тамхинд ногдуулах татварыг 70 хувь болгохын төлөө УИХ-ын 76-г уриалъя.

СЭТГҮҮЛЧ Г.СОНИНБАЯР EAGLE.MN

Top