mn
Б.ЦОГТБААТАР: ӨВЛИЙН УЛИРАЛД УЛААНБААТАР ХОТОД ХҮҮХЭД ТЭЭЖ ТӨРҮҮЛЭХ НЬ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

 



 

 

 

 

 

-АГААРЫН БОХИРДЛООС БОЛЖ УЛААНБААТАР ХОТЫН САЯ ГУРВАН ЗУУН МЯНГАН ИРГЭД БҮГДЭЭРЭЭ АРХАГ ХОРДЛОГОТОЙ БАЙНА-

 

ЭМСЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Анагаах ухааны доктор Б.Цогтбаатартай ярилцлаа. 2016.02.01

-Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээнд хүрсэн үү?

-ДЭМБ-ын агаарын бохирдлын стандарт гэж бий. Монголд мөн агаарын чанарын стандарт гэж байдаг. Энэ стандартад заагдсаны дагуу үндсэн бохирдуулагч бодисонд нүүрсхүчлийн хий, азотын давхар исэл хүхрийн хий, нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор зэрэг ордог. Эдгээр бодисуудын хэмжээ тодорхой түвшинд байж хүний амьсгалж байгаа агаар хэвийн чанартай байна гэж үздэг. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг тодорхойлогч гол бодисуудын түвшин ДЭМБ-ын гаргасан стандарт хэмжээнээс таваас долоо дахин өндөр байдаг. Нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ арван метр куб агаарт арван микрограммаар нэмэгдэхэд зүрх судасны өвчлөлөөр эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 0.8 хувиар нэмэгдэнэ гэж үздэг.

-Монголд амьсгалын замын өвчлөл өндөр байгаа гэж ойлгож болох уу?

-Өвчлөлийн номер нэг шалтгаан бол амьсгалын замын өвчлөл. Нас баралтын номер нэг шалтгаан зүрх судасны өвчлөл байдаг. Аль алинд нь агаарын бохирдол шууд нөлөөтэй. Бидний Канадын их сургуультай хамтарч хийсэн судалгаанд агаарын бохирдол зүрх судасны өвчлөлийг 29 хувиар нэмэгдүүлдэг гэж гарсан. Мөн уушгины хавдрын шалтгаант нас баралтыг 40 хувиар нэмэгдүүлж байна.

 

 

 

 

-Агаарын бохирдол урагт яаж нөлөөлдөг юм бэ?

 

Агаарын үндсэн бохирдуулагч бодис ургийн бойжилтод шууд муугаар нөлөөлж байдаг. Үүнийг олон улсын судалгааны үр дүнгээр нотолчихсон. Сүүлийн гурван жилд Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүдэд ургийн бойжилтод агаарын бохирдол яаж нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн. Агаарын бохирдолтой орчинд ураг тээж төрүүлэхэд бага жинтэй ураг төрөх замаар илэрч байгаа юм. Мөн ураг эрүүл мэндийн хувьд эмзэг, өвчлөмтгий болох магадлалыг ихэсгэж байгаа.

-Улаанбаатар хот агаарын бохирдлоор дэлхийд дээгүүрт ордог. Тэгэхээр Улаанбаатар хотод жирэмслэх нь аюултай гэж ойлгож болох уу?

-Манай иргэд хариултыг нь өөрсдөө олчихоод сүүлийн жилүүдэд аль болох урин дулааны улиралд хүүхдээ тээж төрүүлж байна. Эсвэл зуслан, Улаанбаатарын ойролцоох орон нутаг, хотууд руу явж хүүхэд тээх хандлага бий болчихсон. Энэ бол нууц биш. Өнөөдөр Улаанбаатарт өвлийн улиралд арваннэгдүгээр сарын сүүлээс эхлээд хоёрдугаар сарын эхэн хүртэлх энэ цаг хугацаанд жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хүмүүс, настайчууд, харьцангуй эрүүл саруул гэж үзэгддэг залуу хүмүүс ч гэсэн агаарын бохирдолд өртөхгүйгээр эрүүл байх боломж тун хэцүү асуудал болоод байна.

-Агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлж байгаа нь мэдэгддэг үү. Шинж тэмдэг илрэх үү?

-Улаанбаатар хотынхон маш муу агаараар амьсгалж байна. Магадгүй өөрсдөө мэдэхгүйгээр тэр үр нөлөөг амсаад явж байгаа. Лондонд 1950-иад онд агаарын бохирдлоос болсон хурц хэлбэрийн хордлого илэрч 4000-12000 хүн хоёр хоногийн дотор нас барсан байдаг. Одоогоор Монголд тийм хэмжээний хордлого буюу шууд шалтгаант нас баралт учиргүй их харагдахгүй байна. Гэхдээ бидний мэдэхгүй хурц хордлого, нас баралт явагдаж байгааг үгүйсгэхгүй. Энэ хурц хордлогод өртөх магадлалтай хүнд хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, амьсгал болон зүрх судасны тогтолцооны өвчтэй настайчууд орно. Тэгэхээр архаг хордлогод улаанбаатарчууд тэр чигээрээ орж байгаа. Хэмжээний хувьд жаахан жаахан өөр байгаа байх. Улаанбаатар хотын сая гурван зуун мянган иргэн бүгдээрээ архаг хордлоготой байгаа. Хурц хордлогод хүрэхгүйн тулд, бид өрх гэрийн түвшинд өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд боломжтой аргуудыг гаргаж хүмүүст мэдээлнэ.

-Хувь хүн энэ хордлогоос сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Агаар ийм өндөр бохирдолтой байхад хувь хүн шүүлтүүртэй маск зүүх ёстой. Гадагшаа гарсан тохиолдолд маскныхаа шүүлтүүрийг нь тодорхой хугацаанд сольдог байх ёстой. Болж өгвөл агаарын бохирдол хамгийн өндөр байдаг өглөө, оройн цагаар гадагшаа гарахгүй байх шаардлагатай. Агаарын чанарын үндсэн үзүүлэлтээ аваад үзэхээр агаарын бохирдол бага байх хугацаа 12 цагаас 16 цагийн хооронд байдаг. Энэ үед жирэмсэн эхчүүд, нялх хүүхэдтэй хүмүүс маань хүүхдээ гаргаж болно. Нялх хүүхэдтэй хүмүүс хүүхдээ заавал хөхөөрөө хооллох ёстой. Бүх насны хүмүүс биеийн эсэргүүцлээ дэмжихэд анхаарах хэрэгтэй.

Агаарын бохирдлыг гадаад болон дотоод гэж ангилдаг юм. Хүн цагийнхаа 90 орчим хувийг ажил, гэр, нийтийн тээвэрт гээд дотоод орчинд өнгөрөөсөн байдаг. Бохир агаарт өртөж хордлогод ороод байгаа 70 гаруй хувь нь дотоод орчны агаараас болдог. Тэгэхээр гэртээ орж ирсэн агаарыг чанартай байлгахын тулд шүүлтүүртэй агаар шүүгч авч хэрэглэх ёстой. Хэдэн зуун мянган төгрөгийн агаар шүүгч хүн болгон авч чадахгүй гээд байгаа юм. Бидний хийж чадах зүйл хязгаартай байна. Үүнийг няцаалгүй хүн өөрөө эрүүл байж тодорхой хэмжээний хорноос хол байя гэвэл тэр боломжоо бүрдүүлэх хэрэгтэй. Өөрийнх нь болон гэр бүлийн хайртай дотны хүмүүсийнх нь уушги хамгаалагдана шүү дээ.

-Нийслэлийн иргэд бүгд архаг хордлоготой байгаа гэсэн. Энэ хордлого ямар уршигтай вэ?

-Агаарын бохирдлын архаг хордлогуудын хор нөлөө хожуу илэрнэ. Уушгины хавдар удахгүй нэмэгдэнэ. Тэгэхээр цаг алдаж суулгүйгээр хувь хүн өөрөө өрх гэрийнхээ төлөө эрүүл мэндээ яаж хамгаалах талаар бодож санаачилгыг гартаа авах хэрэгтэй байна. Хүн болгонд хамаатай учраас өөрөө л асуудлаа шийдэх хэрэгтэй. Төр засгаас бид хүлээх юм байна. Бас хүлээх боломжгүй ч юм гэж бий шүү дээ. Өнөөдөр улсын хэмжээнд нэг жилд агаарын бохирдолтой тэмцэхэд таван тэрбум төгрөг тавьж байна. Энэ чинь юу ч биш. Өнөөдөр бүх хүний эрүүл мэндийн талаар ярьж байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас энэ асуудалд хандуулж байгаа. Энэ нийгмийн эрүүл мэндийн амин чухал зүйл болжээ. Нийгмийн эрүүл мэндийн асуудалд анхаарал нийт хүмүүсийн эрүүл мэндтэй хамаатай бүх асуудал орно. Сүүлийн үед агаарын бохирдол манай номер нэг асуудал болоод байна.

Top