mn
Б.БОЛОР: АГААРЫН БОХИРДЛЫН НӨЛӨӨНД ХҮҮХДҮҮД НАСАНД ХҮРСЭН ХҮНЭЭС ИЛҮҮ ӨРТДӨГ

 

Г.Цэнд-Аюуш, iKon.mn

Жил бүрийн өвлийн улиралд агаарын бохирдолын асуудал нийслэлчүүдэд тулгардаг. Нэгэнт бид бохирдлыг арилгах түвшний арга хэмжээг авч чадахгүй байгаа учраас иргэд тэр дундаа хүүхэд багачуудыг хорт нөлөөнөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл, зөвлөгөө авах үүднээс Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Орчны Эрүүл Мэнд, Хор Судлалын Төвийн Агаарын Чанарын Асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Б.Болортой ярилцлаа.

- Одоогоор агаарын бохирдлын эсрэг ямар үйл ажиллагаа, судалгаа хийж байгаа вэ?

- Бид агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, бууруулах арга зам, сэргийлэх талаарх баримтат мэдээлэл, гарын авлага, тараах материал боловсруулж, түгээж ажиллаж байна.

НЭМХ-гээс ЭМЯ, БОАЖЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөлгөөнийг энэ оны эхэнд зохион байгуулсан.

Уг арга хэмжээгээр эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр нотолгоонд тулгуурласан, хэрэгжихүйц, үр дүнтэй зөвлөмжийг гарган оролцогч талуудад хүргэсэн байгаа.

Мөн шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, иргэд олон нийт, хүүхдүүдэд зориулан уулзалт, семинар, сургалт зохион байгуулж 500 гаруй хүмүүсийг хамруулаад байна.

- Хэрэв бид цэвэр агаарт орчинд амьдардаг байсан бол бидний бие махбодын үйл ажиллагаа ямар байх байсан бол?

Хүн бүхэн эрүүл, таатай, аюулгүй орчинд амьдрах ёстой. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсноор “Эрүүл мэнд” бол амьдралын чанарын тусгал бөгөөд зөвхөн өвчингүй байхаас хамаагүй өргөн хүрээний ойлголт юм.

Хэрвээ бид эрүүл, таатай орчинд амьдарч, ажиллавал бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд ямар нэгэн өвчлөлөөс хамаарах дарамтгүй илүү аз жаргалтай, бүтээмж өндөртэй байна.

Аливаа улс орны хүн ам эрүүл, бүтээмж өндөртэй байх тусам тухайн улс орны хөгжилд чухал ач холбогдолтой.

 

Гэрэл зургийг mpa.mn

- Хамгийн сүүлийн үеийн шинэ судалгаа, тоо баримт, дүгнэлтээс дурдвал?

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол нэмэгдэж, зөвшөөрөгдөх хэмжээнээс давж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байна.

НЭМХ болон бусад эрдэм шинжилгээний байгууллага, түүнчлэн гадаадын эрдэмтэн судлаачдын хамтран агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоох чиглэлээр нэлээдгүй судалгаа хийгдсэн байдаг.

Хамгийн сүүлд  манай хүрээлэнгийн судлаачид Улаанбаатар хотын Ерөнхий Боловсролын сургуулиудын анги, танхимын дотоод орчны агаарын чанарыг тодорхойлж, сурагчдын эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийг тооцож, үнэлсэн.

Тус судалгааны дүнгээр анги танхимын агаар дахь РМ2.5 тоосонцрын агууламж агаарын чанарын стандартад заасан хэмжээнээс 3.1-10.5 дахин өндөр байгаа нь суралцагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд байна гэсэн үг.

Мөн судалгаанд хамрагдсан сургуулиудад анги танхимын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж өндөр байгааг бид,

  • агааржуулалт хангалтгүй,
  • анги дүүргэлт стандартаас давсан,
  • нэг хүүхдэд ноогдох талбайн хэмжээ стандартаас бага байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм.

- Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байна вэ?           

Агаар бохирдуулагч бодисуудад нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл, дэгдэмхий органик нэгдлүүд, озон, хүнд металл, том болон нарийн ширхэглэгт тоосонцор гэх мэт орох бөгөөд эдгээр бодисуудын химийн найрлага, хариу урвал, ялгарах болон задрах процесс  харилцан адилгүй байдаг.

Иймээс эдгээр бодисууд нь хүний эрүүл мэндэд дан болон хавсарсан байдлаар хурц болон архаг нөлөөллийг үзүүлж олон тооны эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

Улаанбаатар хотод өвлийн улиралд амьсгалын замын өвчлөлийг ихэсгэж, уушгины хөгжилд сөргөөр нөлөөлөх, агаарын бохирдол зүрх судасны болон хавдрын өвчлөлийг ихэсгэх зэргээр бүх насныхны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна.

- Хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Агаарын бохирдол нь бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд илүү мэдрэг нөлөөлдөг.

Насанд хүрсэн хүнээс илүү давтамжтай амьсгалдаг хүүхдийн уушги, дархлалын тогтолцоо бүрэн хөгжөөгүй байдаг учраас агаарын бохирдолд хүүхэд насанд хүрсэн хүнээс илүү өртдөг.

Агаарын бохирдол нь хүүхдийн дархлалын тогтолцоог сулруулж, өсөлт хөгжилтийг бууруулах, амьсгалын замын болон төв мэдрэлийн тогтолцоо, харшлын өвчнүүд үүсэх гол эрсдэлт хүчин зүйл болохыг олон улсад болон манай улсад хийгдсэн олон удаагийн судалгаагаар тогтоосон байгаа.

2012 онд хийгдсэн судалгаагаар уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн ойролцоогоор 80 хувь нь өвлийн саруудад байна.

Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгааны хүндрэл ДЭМБ-ын стандартын хэмжээг давсан байгаа.

- Агаарын бохирдлын хор нөлөөнөөс өөрийгөө хамгаалах ялангуяа хүүхдийг хамгаалах ямар арга зам байдаг вэ?

Аравдугаар сараас дөрөвдүгээр сард өглөө, орой гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж маш их болдог.

Иймээс мэдрэмтгий бүлгийнхэн буюу бага насны хүүхдүүд, өндөр настангууд, амьсгалын замын болон зүрх судасны архаг өвчлөлтэй хүмүүс болж өгвөл гадаа цагийг бага өнгөрүүлэх, гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, гадаа ажиллах цагаа богиносгох хэрэгтэй.

Автомашин хэрэглэж байх үедээ цонхоо онгойлгохгүй байх, биеийн дархлааг дэмжих, эсэргүүцлийг сайжруулахад анхаарах, ажил амралтаа зөв зохицуулан, сайн унтаж амрахыг зөвлөмөөр байна. Мөн,
  • Архаг, хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн заавраар эмээ тогтмол хэрэглэх, эмчийн хяналтанд байх
  • Агаарын чанарын индексийн мэдээг өдөр тутмын амьдралдаа ашиглахын ач холбогдлыг ойлгож, бохирдол ихтэй газраар явахгүй байх, эсвэл амны хаалт хэрэглэж хэвших гэх зэргээр өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой.
Үүнээс гадна гэртээ Хэт Өндөр Үр Ашигтай Агаарын Шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглаж болно. Энэ төрлийн агаар цэвэршүүлэгч нь агаар дахь 0.3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.

Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад, 

  • Төв замын ойролцоо тоглохгүй байх,
  • Сайжруулсан түлш хэрэглэх,
  • Сүү, цагаан идээ зэрэг илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, биеийн дархлааг дэмжих,
  • Анги, танхим, ахуйн орчинг агааржуулах,
  • Долоо хоногийн 1-2 өдөр автомашин унахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчих,
  • Ногоон байгууламжийг өрх гэр, албан газрынхаа ойролцоо нэмэгдүүлэх,
  • Долоо хоногт хотоос зайдуу цэвэр агаарт гарах,
  • Өрөө тасалгаандаа цэвэр агаар оруулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх,
  • Шаардлагагүй үед гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраах,
  • Хог хаягдлаа ангилан цуглуулж, өдөр бүр хогийн цэгт хаяж байх зэрэг энгийн дадлыг хэвшүүлэх хэрэгтэй.
Хатгалгаа, уушгины өвчлөлийн 52,9 хувь нь агаарын бохирдолтой холбоотой/цаг уурын хүчин зүйлтэй хавсран/
Хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан элдэв бодис болон тоосжилтийн нөлөөнөөс агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг агаарын бохирдол хэмээн тодорхойлж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд аравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд агаарын бохирдлын хэмжээ сүүлийн жилүүдэд хэт их байна. Энэ нь хүн амын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгааг жилийн жилд ярьсаар ирсэн.

Эрүүл мэндийн байгууллагууд хамтран энэ оны эхний сард хийсэн судалгаанаас харвал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гэр хорооллын утаа голчлон үүсгэж байгаа буюу 80 хувийг эзэлж байна гэсэн үр дүн гарчээ.

Агаарын бохирдол хүний бие махбодод хор нөлөө үзүүлэх нь ихэсч байгаа бөгөөд зөвхөн хатгалгаа, уушгины өвчлөлийн 52,9 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй/цаг уурын хүчин зүйлтэй хавсран/ байна.

Агаарын бохирдлыг бууруулснаар ямар өөрчлөлт гарах вэ

PM2.5=Тоосонцор. Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөө нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.

Top