mn
АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙГ АМЬДРАЛДАА ХЭРЭГЛЭЖ ХЭВШЬЕ

Улаанбаатар хотын агаарын чанар ямар байгаа талаар http://www.tsag-agaar.gov.mn/цахим хуудас, сонин, телевизээр өдөр бүр мэдээлдэг. Агаарын чанарын тухай мэдээллийг дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээс өдөр, сар, улирал жилийн явцаар харж болно. Улаанбаатар хотын өдөр бүрийн агаарын чанар ямар түвшинд байна вэ гэдгийг иргэн хүн хэрхэн ойлгож болох талаар тайлбарлая. Өдөр бүрийн агаарын чанар хир зэрэг байгааг харуулдаг үзүүлэлт бол агаарын чанарын индекс (АЧИ)бөгөөд энэ үзүүлэлтийг дэлхий нийтээрээ ашиглаж байна. АЧИ бол тухайн орон нутагт агаарын чанар ямар байгааг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор зохиогдсон үзүүлэлт юм.

Өөрөөр хэлбэл түүний өнөөдөр салхинд гарах, гадаа олон цагаар ажиллахад гаднах орчны агаар цэвэр байна уу эсвэл эрүүл мэндэд хортой байна уу гэдгийг нийт хүн амд ойлгуулах зорилгоор ашигладаг. АЧИ-ийн тоон утга 0-500 хооронд байдаг. Дотроо 6 ангилагдах ба тоон утга нь ихсэх тусам агаарын чанар муу байгааг илтгэнэ. АЧИ-ийн тоон утга 101-ээс илүү болоод ирвэл агаарын чанар хүний эрүүл мэндэд тааламжгүй болж эхэлнэ гэсэн үг. АЧИ-ийн тоон ангилал тус бүр нь “маш сайн”, “сайн”, “дунд”, “муу”, “маш муу”, аюултай гэх мэтээр тус тусдаа чанараар ангилагдах бөгөөд тухайн ангилал тус бүрт хэрэгжүүлж болохуйц эрүүл мэндийн зөвлөгөөг өгсөн байдаг. Ангилал тус бүр өнгөөр кодлогдсон байх бөгөөд тэдгээр нь агаарын чанар ямар байгааг илэрхийлдэг.  

АЧИ

Агаарын чанар

Тэмдэглэгээ (өнгөөр)

Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл

Зөвлөгөө

0-50


Маш сайн буюу цэвэр

Ногоон

Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.

51-100

Сайн буюу хэвийн

Шар

Агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болно. Тухайлбал: озон, нарийн ширхэглэгт тоосонцрын нөлөөллийн улмаас хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.

Хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.

101-250

Дунд буюу бага зэргийн бохирдолттой

Улбар шар

Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.


Зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй.

251-400


Муу буюу дунд зэргийн бохирдолттой

Улаан

Нийт хүн амын эрүүл мэндэд бага зэргийн сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.


Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй

401-500

Маш муу буюу их бохирдолттой

Гүн ягаан

Нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл илэрнэ.


Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах, àрхаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай.

501+


Аюултай буюу маш их бохирдолттой

Хүрэн

Нийт хүн амын эрүүл мэндэд аюултай.


Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх.

 

Цаг уур орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын өдөр бүрийн агаарын чанарын мэдээг тодорхой хугацааны дунджаар олон нийтэд зарладаг байдлыг доор харууллаа.


Энэхүү агаарын чанарын индекс бол таны амьсгалж буй агаар хэр бохирдолттой эсвэл хэр цэвэр байгааг мөн таны эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж болохыг хэлж өгдөг тул өдөр бүр амьдралдаа хэрэглэж хэвших хэрэгтэй.

Өнөөдөр хүн бүр гар утас ашигладаг болсон бөгөөд агаарын чанарын мэдээг иргэдэд түгээх гар утасны програмхүртэл гарсан тул http://www.agaar.mn/сайтаас татан суулгаж болно.

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Top