mn
Ариун цэврийн байгууламж ба эрүүл ахуй

Гэр, ердийн халаалттай байшинд амьдардаг хүмүүсээс ялгаран гарсан шингэн хаягдал, ялгадсыг цуглуулж, цэвэршүүлэхэд биеийн засах газар, бохир усны нүхийг ашиглах бөгөөд тэдгээрийг ариун цэврийн байгууламж гэдэг.

Бие засах газар, бохир усны нүхийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн барьж,  зөв ашиглаж сурах нь хүн амын дунд гэдэсний суулгалт халдварт өвчин, халдварт шар, арьсны болон  нүдний өвчнүүд,  шимэгч хорхойн өвчнүүд (цагаан хорхой)  тархах, байгаль,  ахуйн орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

          Бие засах газраа барихын өмнө түүнийг хэрэглэх хүний тоо, хэр удаан хугацаагаар ашиглахаар төлөвлөж байгаа зэргээс хамааруулан жорлонгийн нүх, цооногийн хэмжээг ойролцоогоор тогтооно. Үүний тулд хүнээс ялгарах ялгадсын тоо хэмжээ, хэрхэн задардагийг мэдэх хэрэгтэй.

          Судалгаагаар насанд хүрсэн хүн ойролцоогоор өдөрт 500-900 гр өтгөн ялгадас, 0.6-1.1 л шээс ялгаруулдаг байна.   Хүний ялгадсын шингэн хэсэг нь ууршина, хийнүүд нь агаарт дэгдэнэ, уусдаг хэсэг нь гадаргын болон хөрсний усанд уусан хөрсөнд шингэнэ, үл уусах өтгөн хэсэг нь бие засах газрын нүх, цооногийн ёроолд тунана.     Ялгадсын задрал бактерийн тусламжтайгаар агаартай (агааржуулалттай буюу ердийн бие засах газар) ба агааргүй (цооног) орчинд явагддаг. 

Бие засах газар, бохир усны нүхийг гэрээсээ 15-20м зайд,  ноёлох салхины чиглэлийн доод талд, усны эх булгийг бохирдуулахгүй газар байрлуулна.

Хөрсний нөхцөл,  шингээх чанараас хамаарч бие засах газрыг зөв сонгон барих, нуралтаас хамгаалах, хөрсний усны эх үүсвэрийг бохирдуулахаас сэргийлэх арга хэмжээг авна.  Хөрсний нөхцлийг тухайн хөрсний даац, нуралт, ухах гүний хэмжээ, хөрсний шингээлт зэргээр илэрхийлэх бөгөөд эдгээр нь хөрсний төрлөөс (элс, элсэнцэр, шавар, шаварлаг, хайрга, хадан) хамаарна. Хөрсний даац нь бие засах газрын бүхээгийг барихад ямар хийц, материал ашиглах, хэрхэн яаж барих талаар зөв шийдэл гаргахад нөлөөлдөг. Хэрэв хөрсний даац муу бол хөнгөн хийц, материалыг сонгон, хөрсийг бэхжүүлэн даацыг сайжруулах хэрэгтэй.

Бие засах газрын нүхийг ухахдаа нуралтаас хамгаалсан байна. Нүхийг налуу эсвэл эгц ханыг бэхэлгээтэйгээр ухна. Сайн хөрсөнд 2 м хүртэл бэхэлгээгүйгээр ухаж болно.

Хөрсийг ухах гүнийг хөрсний төрөл, даац, нуралтаас хамааран тогтоож, шаардлагатай тохиолдолд бэхэлгээ хийн, гүний хэмжээг ихэсгэж болно.

Бие засах газрын төрөл, хэлбэр

Бие засах газрын дараахь түгээмэл хэлбэрүүд байдаг байна.

•        Агааржуулалттай  бие засах газар

•        Ердийн бие засах газар

•        Усгүйжүүлсэн бие засах газар

•        Нарны халаалттай бие засах газар

•        Усан булхаатай бие засах газар

•        Бохирын цоног бүхий боловсон бие засах газар

•        Нүүдэлчдэд зориулсан бие засах газар

                         Агааржуулалттай  бие засах газар 

•        үнэргүй                 

•      ялаагүй

•        аюулгүй        

•      барилга нь хямд

•        гаднаас хүн харах, шагайх боломжгүй зэрэг давуу талуудтай.

          Бие засах газрын агааржуулагч хоолойг стандартаар байрлуулбал агаарын урсгал зөв явагдаж,  бие засах газар нь ямар ч үнэргүй байна. Агааржуулалттай бие засах газрын бүхээг нь хортон шавьж өсөх нөхцлийг багасгах зорилгоор аль болох байгалийн гэрэл орохгүйгээр хийгдсэн байх шаардлагатай. Агааржуулалттай бие засах газрын хийцийн хэмжээс, гаднах загварыг зураг 1-д харууллаа.

 

Агааржуулалттай  бие засах газар

    Агааржуулалттай бие засах газарт ялгадас агаартай орчинд задрана. Хэрэв  бие засах газрыг бохир усны нүх болгон давхар ашигласан тохиолдолд ялзрал  явагдах, ашиглалтын хугацаа богино байх муу талтай.

Бэлтгэсэн: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭН

Top