mn
Янз бүрийн эм хэрэглээд л байна уу?

Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх аян”-ы хүрээнд НЭМХ-ээс цувралаар мэдээлэл хүргэж байна.

Антибиотикийн дасал гэж юу вэ?

Антибиотикийн дасал гэдэг нь халдвар үүсгэгч нянгууд өөрчлөгдөж, тухайн халдварыг эмчлэгч антибиотикт тэсвэртэй болохыг хэлдэг. Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.

Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн тэр антибиотик төдийгүй түүний адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.

Улмаар эмчилгээ үр дүнгүй болох, эмийн гаж нөлөө илрэх, хоруу чанар нэмэгдэх аюултай ба үүнийг даган эмчилгээний зардал өсдөг байна.

Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:

Манай иргэдийн дунд антибиотикийг буруу хэрэглэх нь түгээмэл байдаг. Тухайлбал, өвчин тусмагц хурдан эдгээхийн тулд, мөн ханиад томууны үед хэрэглэх нь олонтаа. Гэтэл антибиотик нь бүх өвчнийг эдгээдэггүй. Учир нь өвчний үүсгэгчид нь янз бүр байдаг бөгөөд антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг. Харин ханиад томуу нь вирүсээр үүсгэгдсэн байдаг тул антибиотик нь энэ өвчнийг эдгээдэггүй.

Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална уу. Үүнд :

·         Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай. Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй.

·         Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй. Үүнээс гадна энэ антибиотикийг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таньд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай. Энэ эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрвээ урьд нь ямар нэг антибиотикийг хэрэглэхэд дээрх шинж тэмдэг ажиглагдаж байсан бол энэ талаар эмчид үзүүлэхдээ урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.

·         Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.    Жишээ  нь: гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ.

Бэлтгэсэн: НЭМХ

Top